January 3, 2010

Бизнесийн харилцааны ёс зүйн ерөнхий зарчмууд

Бизнесийн болон ажил хэрэгч харилцааны үндсэн цагаан толгой нь ажил хэргийн ёс журам болно. Ажил хэрэгт ёс зүй үйлчлэхгүй бол хэзээ ч амжилтанд хүрдэггүй. Иймд ажил хэрэгч хүмүүс үүнийг мэдэх нь мэргэжлийн чухал чанар болно.  Ёс зүй нь түүхэн үзэгдэл юм хүмүүсийн зан төлөвт баримтлах дүрэм нь нийгмийн амьдралын нөхцөл, орчны өөрчлөлттэй холбоотойгоор өөрчлөгдснөөр ирсэн.  Орчин үед ёс зүй нь ажил үүрэг дэх зан төлөвийн хэм хэмжээ, гудамж талбай, зочлох ёс, ажил хэргийн болон дипломат уулзалт, театр олон нийтийн тээврийн хэрэгсэл зэрэгт зайлшгүй үйлчлэх ёстой.  Ажил хэрэгч харилцааны ёс зүйн “алтан дүрэм” гэж бий. “Бусдаас та өөр ямар хандлагыг хүсэж байна, бусдад мөн тэгж ханд” Ялангуяа “Дээрээс доош” чиглэлд явагдаж буй хандлага нь байгууллагын ёс зүйн ерөнхий уур амьсгалд шийдвэрлэх нөлөө үзүүлнэ. Иймд удирдагч дараах асуудалд анхаарлаа ямагт хандуулж байх нь зүйтэй.
  • Удирдагч өөрийн байгууллагыг харилцааны өндөр ёс суртахуунтай нэгдмэл хамт олон болгон хувиргахыг эрмэлз. Байгууллагын бүхийл үйл ажиллагаанд гишүүдийг оролцуул. Хүн зөвхөн өөрийгөө хамт олонтойгоо ижилсүүлснээс ёс суртахуун, сэтгэл зүйн хувьд ая тааламжтай байгаагаа мэдэрдэг. Удирдагч менежер хүн ажилтныхаа хувийн онцлогийг хүндэтгэн үзэж, түүнийг байгаагаар нь л хүлээж ав. Хэзээ ч хувийн онцлогийнх нь хувьд өөрчлөх, эсвэл засахыг бүү эрмэлз.  
  • Шударга бус байдалтай холбоотой ямар нэгэн бэрхшээл үүсэхэд удирдагч түүний шалтгааныг заавал ол. Хэрэв ямар нэгэн бүдүүлэг байдал үүсвэл түүнийг ажилтангуудынхаа үлбэгэр сул, дутагдалтай байдалтай холбон ойлгож болохгүй. Харин ажилтангуудынхаа эерэг сайн тал дээр түшиглэхийг эрмэлз.  
  • Хэрэв удирдагчийнхаа үүрэг даалгаврыг ажилтан нь биелүүлээгүй байх юм бол түүнд энэ тухай мэдсэнээ илэрхийлж, тухайн үүрэг даалгавар зайлшгүй чухал байсныг ойлгуул. Хэрэв ингэхгүй бол үүргээ биелүүлэхгүйгээс гадна ёс зүйгүй байдал улам даамжирч, удирдагчийн нэр хүнд тодорхой хэмжээгээр унана. 
  • Ажилтангууддаа ёс зүйн хэм хэмжээг сахих ёстой гэдгийг сануулах хэрэгтэй. Харилцааны зөв хэв маягийг өөртөө төлөвшүүлэх нь чухал. Эхлээд ажилтангаасаа өөрийнх нь үүрэг даалгаврыг яагаад биелүүлээгүй тухай асуу. Түүнд тодорхой шалтгаан байхгүй байж болно. Удирдагч товч тодорхой сануулга өгөх хэрэгтэй. Гэхдээ хүний нэр төр, мэдрэмжийг хүндэтгэх хэрэгтэй.  
  • Хүний ажил хэргийг нь л шүүмжил, харин хэзээ ч хувийн онцлогийг нь бүү шүүмжил.
“Доороос дээш” чиглэсэн ажил хэргийн харилцаанд ажилтангууд өөрийн даргадаа /удирдагч / хандах харьцааны асуудал яригддаг. Энэ чиглэлийн харилцааны зан төлөвийн ёс зүйн дүрмийг дараах байдлаар тодорхойлж болно. “Удирдагчийнхаа зүгээс та ямар хандлагыг хүсэж байна түүнд яг тэгж ханд” Ажил хэрэгч харилцаанд удирдагчтайгаа харилцахад баримтлах ёстой ёс зүйн хэм хэмжээ зарчмууд:
  • Хамт олонд ая тааламжтай уур амьсгал бүрдүүлэхэд нь удирдагчдаа туслах.  •    Ажилтан нь даргадаа өөрийн үзэл бодлыг тулгах эсхүл түүнийг захирах гэж оролдсоны хэрэггүй. Өөрийн үзэл бодлыг эв дүйтэй эелдэг илэрхийл. 
  • Хэрвээ хамт олонд ямар нэгэн ая тааламжгүй байдал, эсхүл баярт үйл явдал тохиолдвол энэ тухай заавал удирдагчдаа мэдэгдэх ёстой. Тааламжгүй явдал тохиолдоход энэ нөхцөл байдлаас гарахад туслахын тулд өөрийн шийдвэрийг илэрхийл. 
  • Даргынхаа асуултанд “тийм” эсхүл “үгүй” гэж хариулах хэрэггүй.  
Ажил хэргийн харилцааны ёс зүйн “хэвтээ”  чиглэлийн  ёс зүйн ерөнхий зарчим нь дараах байдлаар томъёологдоно. “Та хамт олноосоо ямар хандлагыг хүсэж байна, тэдэнд тийм байдлаар ханд” Энд баримтлах ёстой зарчмууд нь:
  • Хамт олныхоо зүгээс өөртөө ямар нэгэн өвөрмөц хандлыг бүү шаард эсхүл бусдынхаа эрхшээлд бүү ор.
  • Ерөнхий ажлыг гүйцэтгэхдээ өөрийн эрх үүрэг, хариуцлагаа тодорхойл.  
  • Хэрвээ таны үүрэг хамт олны үүрэгтэй холилдвол тун хэцүү. Хэрэв удирдлагын зүгээс таны үүрэг хариуцлагыг бусдаас ялгаж өгөхгүй бол өөрөө  ялгаж ойлгох нь зүйтэй.
  • Хэрэв өөр хэсгийн ажилтан таныг өөрийн хэсэгтээ түр зуур ажиллахыг хүсвэл шударга бус, хайхрамжгүй байдал гаргаж болохгүй. Ажилдаа чин сэтгэлээсээ ханд. Учир нь тэр хэсэгт таны болон танай хамт олны тухай шүүн хэлэлцэх болно. Бусдад аль болохоор ая таагүй сэтгэгдэл бүү төрүүл. 
  • Харилцах хүнээ нэрээр нь дууд. 
  • Харилцагчдаа эелдэг, найрсаг харилцаа хандлага үзүүлэхийн тулд харилцааны бүхий л хэрэгслийг ашиглах чадвартай байх нь зүйтэй. Тухайлбал, инээмсэглэх, тохиромжтой дохио зангаа, биеийн хөдөлгөөнийг үзүүлэх, түрэмгий байдлаас зайлсхийх, уур бухимдлаа барих гэх мэт. 
  • Алиа, нийтэч занг эрхэмлэ. Аятайхан байдлаар хошигнож сур. Өөрийн хошин шогийн мэдрэмжийг хөгжүүлэхийг эрмэлз. Хошин шогийн зөв мэдрэмжтэй байх нь харилцааны зөрчлөөс сэргийлэхэд хамгийн үр нөлөөтэй байдаг.  
Байгууллагад ажил хэрэгч харилцааны ёс зүйн түвшинг дээшлүүлэх янз бүрийн арга хэрэгсэл байж болно. Тухайлбал, ёс зүйн хэм хэмжээг  боловсруулах, ёс зүйн хяналт шалгалтыг бий болгох, хүний ёс зүй, зан төлөвтэй холбоотой сургалтууд явуулах, ёс зүйн дүрэм журмыг нийтэд бичиж тараан, заавал дагаж мөрдөж зан үйл болгох гэх мэт.

No comments:

Post a Comment