April 26, 2012

Хэрхэн амжилттай уриа үгийг (Slogan) бүтээх вэ?

Уриа үг гэдэг бол брэнд бүтээхэд болон түүнийг удаан хугацаагаар зах зээл дээр амжилттай оршин тогтноход гол үндэс нь болж байдаг хамгийн чухал, хамгийн нөлөөтэй зүйл юм. Энэ ч утгаараа бизнесменүүд болон маркетерууд зах зээл дээр шинэээр брэндийг бий болгохдоо уриа үгэн дээр анхаарч сайн уриа үгийг бүтээхийн төлөө ажиллаж байдаг. Харин сайн уриа үг гэж юу вэ? Түүний талаар товчхон авч үзье. Сайн уриа үг гэдэг бол мэдээж хэрэглэгчдэд таашагдсан, тухайн цаг үеэ болон цаашдын ирээдүйн хандлагыг мэдэрсэн, хүнийг залхаах болон хэт нуршсан байталтай бус, бусад орны хэл дээр чөлөөтэй орчуулагдаж болдог, цээжлэхэд амар, бүтээгдэхүүнийг суралтчилсан гэх мэт олон шалгуурыг давсан байх ёстой байдаг. Мэдээж бүх уриа үг нь анх бүтээгдэхдээ дээрхи хүчин зүйлсийг нь өөртөө агуулсан байдаггүй. Учир нь энэ бол маш хэцүү зүйл шүү дээ. Тиймээс сайн уриа үгийг бүтээхэд хамгийн голлох хүчин зүйл нь юу байдаг талаар өөрийн туршлага болон бусад олон улсын болоод дотоодын амжилттай хэрэгжсэн туршлага дээрээ үндэслэн боловсруулсан хэд хэдэн зарчимыг авч үзье.

Сайн уриа үг бүтээх 5 зарчим

Бүтээгдэхүүнээ танин мэд.
Уриа үг бүтээхэд мэдээж хамгийн түрүүнд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ өөрөө маш сайн байх ёстой. Энэ ч утгаараа таныг сайн уриа үгээ бүтээхэд туслах хамгийн эхний хүчин зүйл бол бүтээгдэхүүн, үйлчилгээ тань өөрөө юм. Та өөрийн бусдад худалдаалах гэж бүтээгдэхүүнийг сайтар ойлгож түүний хэрэглэгчдэд өгөх давуу болон сул талыг сайн мэдэж байх ёстой. Ингэснээр таны бүтээх гэж буй уриа үгэнд бүтээгдэхүүний давуу тал илүү шингэх болно.

Хэрэглэгчийн шаардлагаар сэтгэ.
Мэдээж та уриа үгээ бүтээхдээ маркетер талаасаа илүү сэтгэн хардаг байх. Тэгвэл та энэ удаад зөвхөн хэрэглэгч талаасаа сэтгээд нэг үзээрэй. Өөрөөр хэлбэл хэрвээ би энэ бүтээгдэхүүний хэрэглэгч байсан бол ямар уриа үгийг илүү хүсэх байсан талаар сайтар тунгаан бодох хэрэгтэй. Хэрвээ та хэрэглэгч дүрд сайн хувирч чадвал таны уриа үгэнд ямар нэгэн залхаасан, нуршсан, ой тогтоолтонд тогтдоггүй гэх мэт зүйлүүд огт харагдахгүй.

Бяцхан судалгаа явуул
Хэрвээ боломжтой бол энэ таньд хамгийн олон санаа өгөх чухал зүйл байх болно гэдэгтэй би итгэлтэй байна. Учир нь та ганцаараа бодож байснаас олуулаа бодсон нь хамаагүй үр дүнтэй шүү дээ. Тиймээс та боломжит бүх сувагаар зардалтай, зардалгүй том жижиг гэх мэт судалгаануудыг явуулаад үзэх хэрэгтэй. Судалгааг дараах хэд хэдэн төрлөөр явуулах хэрэгтэй. Үүнд:
  • Хэрэглэгч дунд судалгаа явуулах
  • Олон улсын шилдэг уриа үгийг судлах
  • Ижил төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний уриа үгийг судлах

Уриа үгийг бүтээхэд ашигладаг алтан зарчимыг баримтал
Энэ бол мэдээж хамгийн чухал зүйл юм. Учир нь маш олон бизнесменүүд, маркетерүүд хэрхэн сайн уриа үгийг бүтээх талаар өөрийн туршлага дээр үндэслэсэн зөвлөмжүүдийг бичсэн байдаг. Тиймээс та эдгээрийг цаг зав гарган чухал хэдийг нь заавал уншиж судлаж байх хэрэгтэй. Амжилттай уриа үгийг бүтээхэд заавал байдаг алтан зарчимыг дурьдвал:
  • Аль болох богино байх ба хэрэглэгчдийн ой тогтоолтод амархан хоногшихоор
  • Шудрага байх ёстой буюу хэрэглэгчдэд худалд амлалтыг өгдөггүй
  • Бүтээгдэхүүнийн сурталчилсан эсвэл тайлбарласан байх. Гэхдээ мэдээж эхний зарчимын дагуу.
  • Бусад ижил төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнээс ялгарсан
  • Бусад орны хэлэнд (ихэвчлэн Англи) хялбар орчуулагддаг байх.

Давтагдашгүй бай
Мөн л чухал зүйл. Учир нь таны бүтээсэн уриа үг өөр салбар дээр мөн л байдаг бол энэ ямар утгагүй зүйл болох билээ. Тиймээс уриа үгээ аль болох дахин хэзээ ч давтагдашгүй байдлаар зохион бүтээх хэрэгтэй. Ингэж чадвал тухайн уриа үг олон зуун жилийн турш амжилттай брэндингийг бий болгож чаддаг.

Дээрх таван зөвлөмж таньд болон таны бизнест амжилттай уриа үгийг бүтээхэд тань туслах болно гэдэгт итгэлтэй байна.

Дэлхийд алдартай зарим нэг уриа үгүүд:

  • "Think different." (Apple)
  • “Got Milk?” - (Cow's milk )
  • “Live young” - (Evian)
  • “I'm lovin' it” - (McDonald's)
  • “Just do it” - (Nike)
  • “Life Begins Here” - (Coca-Cola 2011)

Б.Амаржаргал

No comments:

Post a Comment