April 25, 2012

Өрсөлдөгчийн судалгааг үр дүнтэй хийх 5 арга

Бизнесийн ертөнцөд урт хугацаанд амжилттай оршин тогтнохын тулд зөвхөн хэрэглэгчээ байнга судлахаас гадна өрсөлдөгчийг судлаж тэдний үйлдэл бүрийг нарийн мэдэх нь маш чухал зүйл байдаг билээ. Энэ ч утгаараа маркетингийн ухаанд өрсөлдөгчөө судлах нь олон талын ач холбогдолтойг батлан харуулж байдаг.
Өрсөлдөгчийн судалгааг амжилттай хийснээр таньд дараах боломж бололцоо бүрдэх болно.
  • Зах зээл дээр зөв стратеги баримтлан ажиллах
  • Борлуулалтын цар хүрээг тэлж, борлуулалтыг нэмэгдүүлэх
  • Урт хугацаанд амжилттай оршин тогтнох
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээг амжилттай хөгжүүлэх гэх мэт олон талын ач холбогдол байдаг.
Дээр дурьдсан ач холбогдол нь зөвхөн шууд мэдрэгдэх ач холбогдол бөгөөд таны бизнест зөв судалгаа үргэлж амжилтыг дагуулах нь эргэлзээгүй юм.

Харин одоо би таньд хэрхэн өрсөлдөгчийн судалгааг амжилттай хийх таван зөвлөмжийг хүргэе.

Өрсөлдөгчийн судалгааг амжилттай явуулах дараах 5 арга байдаг.

1. Тэдний эсвэл өөрийн хэрэглэгчээс мэдээлэл цуглуулах
Энэ бол хамгийн сайн арга юм. Учир нь хэрэглэгч л өөрийн хэрэглэж буй бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллийг маш сайн судлаж мэдсэн байдаг. Тиймээс та өөрийн болон өрсөлдөгчийн хэрэглэгчдээс өөрт хэрэгтэй мэдээллийг авах бүрэн боломжтой. Судалгааны аргын хувьд та фокус ярилцлага, анхан шатны асуулгын судалгаа зэрэг аргуудыг ашиглаж болно.

2. Хэсэг хугацаанд тэдний хэрэглэгч байж мэдээлэл цулуулах
Энэхүү аргыг та өөрөө хийх нь зохимжгүй байдаг. Учир нь өрсөлдөгчид тань мөн л адил таныг судлаж байгаа учир. Тиймээс та хэн нэгнийг сонгон авч тэдний хэрэглэгч болгон хүссэн хэрэгцээт мэдээллийг түүгээр дамжуулан авах боломжтой байдаг.

3. Интернэт дахь мэдээлэл дээр ажиллах
Энэ бол мэдээлэл цуглуулах хамгийн энгийн арга юм. Та тэдний цахим хуудсаар зочилон мэдээллийг цуглуулж болно. Мөн бусад цахим хуудас дээр байршсан мэдээлэл дээр ч ажиллаж болно. Таны хамгийн сайн сонголт бол google байх нь эргэлзээгүй. Мөн та тэдний олон нийтийн сүлжээ цахим хуудсаар (Social networks: Facebook, Twitter гэх мэт) дамжин тэд болон хэрэглэгчид нь ямар зүйлийн талаар ярилцаж байгаа мэдээлэл дээр ажиллаж болно.

4. Хурал болон үзэсгэлэнд хамтдаа оролц
Мэдээллийг цуглуулах маш сайн арга бол мэдээж тэдний зохион байгуулж байгаа хурал болон танилцуулах өдөрлөгт оролцох явдал юм. Тухай сургалт, хурал семинар зэрэг үйл ажиллагаанд та сайн ажиллаж чадвал маш чухал мэдээллийг хангалттай цуглууж чадах болно. Мөн үзэсгэлэн яармагт хамтдаа оролцож тэд хэрэглэгчдэд юу танилцуулж байгаа хэрэглэгч тэднээс юуг мэдэхийг хүсэж байгаа зэргийг мэдэх боломжтой.

5. Урьд өмнө нь хийгдэж байсан судалгаан дээр ажилла
Мэдээж хэрвээ энэ төрлийн судалгаа хийгдэж байсан бол шүү дээ. Төрийн болон төрийн бус байгууллагуудын судалгаанд магадгүй таны өрсөлдөгчийн мэдээлэл байж болно. Тиймээс та урьд өмнө нь хийгдэж байсан судалгааг нэг шүүгээд үзэх хэрэгтэй юм.

Эдгээр таван арга нь таныг өрсөлдөгчөө бүрэн танин мэдэхэд тань 100 хувь баталгаа болж чадахгүй ч таньд болон таны бизнесийн үйл ажиллагаанд амжилттай оршин тогтноход чухал үр нөлөө үзүүлнэ гэдэгт би итгэлтэй байна.

Эцэст нь хэлэхэд өрсөлдөгчийн судалгааг та тагнуул, хулгай хийхтэй адилтгаж огтхон ч болохгүй. Учир нь бизнест ёс зүй гэдэг зүйл заавал байх хэрэгтэй билээ. Тиймээс та өөрийн өрсөлдөгчөө хүндэтгэн хэт шунасан мэдээллийг эрж хайхгүйгээр өрсөлдөөнд өөрөө хүчтэй байх ёстой гэсэн зарчимыг баримтлан ажиллах нь зүйтэй юм.

Таньд амжилт хүсье....
Б.Амаржаргал

No comments:

Post a Comment