December 22, 2009

"ТҮЦ"-ний маркетинг №1

Маркетингийн ухаан Монголд шинжлэх ухаан болон хөгжөөд даруй 20 жил болсон хэмээн олон эрдэмтэд судлаачид ярьдаг. Гэвч маркетинг гэдэг зүйл бол монголчууд бидэнд тэр дундаа бизнесийн салбарт ажиллаж байгаа хүмүүст бол бараг цоо шинэ ойлголт гэж хэлж болохоор байна. Учир нь бид сүүлийн хэдэн жил л маркетинг хэмээн хүчтэй ярьж түүний арга ухааныг зааврын дагуу хийж хэрэгжүүлж байна. Урд нь бид зөвхөн телевизийн зар сурталчилгааг маркетинг хэмээн ярьдаг болсон бол одоо энэ ойлголт өөр болох хандлага ажиглагдаж байна. Гэхдээ энэ нь бүх салбарт авилгал шиг хүчтэй тархаагүй байна гэж би үздэг. Ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгчид болон жижиглэнгийн худалдаачидын дунд.
Манай томоохон бизнесийн байгууллагууд чадвартай, мэдлэгтэй залуучуудаар маркетингаа хийлгэж ашиг орлогоо хэдэн зуу дахин өсгөж байхад харин жижиг дунд бизнес эрхлэгчид хуучны арга барил, хар ухаанаар бизнес хийх гэж оролдож байх шиг. Гэтэл маркетинг хамгийн сайн байх ёстой газар бол жижиг дунд бизнес эрхлэгчид байх ёстой. Учир нь тэд л зах зээл дээр байр сууриа баттай эзлэх гэж өрсөлдөгчтэйгөө бизнесийн тэр дундаа маркетингийн дайн зарлаж байх ёстой. Ийм жишээ олон орны бизнесийн салбарт ажиглагдаж байдаг.

Манай жижиг дунд бизнес эрхлэгчид тэр дундаа жижиглэнгийн худалдааны бизнес эрхлэгчид (найман нэрийн дэлгүүр, түц гэх мэт) наад захын маркетингийн мэдлэг байхгүй үйлчлүүлэгчийг хэрхэн угтаж дахин худалдан авалтыг бий болгох талаар бүүр яриад ч хэрэггүй. Тэд зөвхөн өнөөдрийн барааг л зарахыг хүсдэг. Гэтэл үнэндээ тэдэнд хамгийн хэрэгтэй зүйл бол байнгын худалдан авагчид болон дахин үйлчлүүлэгчид байдаг. Үүн дээр огт анхаарлаа хандуулдаггүйгээс болж тэдний борлуулалт өдөр өдрөөр өөр байдаг.

Миний бодлоор тэдэнд заавал зах зээлийн судалгаа, стратеги гэх мэт хүнд зүйл хэрэг байхгүй. Зүгээр л тэд үйлчилгээний маркетингийн алтан дүрэм, хэрхэн борлуулалтаа нэмэгдүүлэх талаарх л зүйлсийг олж мэдэх хэрэгтэй гэж боддог.

Мөн яавал ямар маркетинг хийвэл өнөөдрийн үйлчлүүлэгч маргааш дахин орж ирэх, ирэх ирэхдээ найзийгаа эсвэл гэрийхнийгээ дагуулан орж ирэх талаар л тэд сайн суралцах хэрэгтэй. Хэрэв тэд сайн суралцагч байж чадвал өнөөдрийн найман нэрийн дэлгүүрээ дараа жил супермаркет болгох боломжтой. Маркетинг бол ийм л ухаан байдаг, маркетинг бол боломжийг байнга олгож байдаг...

No comments:

Post a Comment