December 24, 2009

Мэйл маркетинг

Надад саяхнаас бараг өдөр бүр шахуу масс мэйл ирэх боллоо. Зарим нэг нь хэрэгтэй ч ихэнх нь миний сонирходоггүй, үйлчлүүлдэггүй байгууллагуудын сурталчилгаа ирдэг. Монголчууд бидний дунд интернэт гэдэг агуу зүйлийн хэрэглээ сүүлийн хэдэн жил хүчээ аван хөгжиж байгаа бөгөөд түүнийгээ дагаад мэйл маркетингийг янз бүрийн байгууллагууд хийх болсон. Гэвч сүүлийн үед ирж буй мэйлээс ажиглаад байхад буруу хэрэглэгчид рүүгээ буруу мэйл маш их хэмээгээр явуулж  өөрсдийнхөө ч үйл ажиллагааг үр дүнгүй болгож байгаа нь ажиглагдаж байна.

Жишээ нь: Өнөөдөр миний мэйл дээр мобикомын үйлчилгээний урамшуулалын талаар мэдээлэл ирсэн байсан юм. Гэвч би тэдний хэрэглэгч биш бөгөөд надад түүнийг унших ямар ч шаардлага байхгүй учир би түүний нэрийг уншаад л шууд устгасан. Магадгүй энэ мэйл мобикомын хэрэглэгч биш өөр маш олон хүнд очисон байх. Гэвч зөвхөн надад л гэхэд энэ үр дүнгүй үйл ажиллагаа боллоо.

Уул нь мэйл маркетингийг зөв хийвэл маш үр дүнтэй зүйл. Гэвч манайд мэйл маркетингийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд мэдлэггүй юу эсвэл захиалж буй маркетер нь маркетингийн талаар ямар ч ойлголтгүй юу зүгээр л 20.000 хүн рүү мэйл явуулчуул мэйл маркетинг хийлээ гэж ойлгоод байх шиг. Гэвч үнэндээ тийм биш юм. Хэрвээ та тоонд итгэж мэйл явуулж байгаа бол та буруу л шийдвэр гаргаж байна. Мэйл маркетингийн гол утга учир нь зөвхөн зорилтод хэрэглэгчдэд зорилготой мэдээ, мэдээллийг түгээхэд оршдог.

Өөрөөр хэлбэл та мэйл явуулах гэж байгаа бол хамгийн түрүүнд танай хэрэглэгчид тэр мэйлийн листэд байгаа эсэхийг сайтар шалгаарай. Мөн танай хэрэглэгч нар мэйлээр танай бараа бүтээгдэхүүний талаар мэдээллийг авах сонирхолтой байдаг эсэхийг нь сайтар судлаж үзэх хэрэгтэй. Хэрвээ та үүнийг л мэдэхгүй зүгээр л хэнд ч хамаагүй (их тоотой хүнд) явуулбал үр дүнтэй болно гэж бодож байвал эндүүрэл болно.  Мөн мэйл маркетингийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд хэний ч хамаагүй мэйл хаягыг цуглуулах бус хэн энэ мэйлийн ард байна гэдгийг сайн судлах хэрэгтэй.

Үүний үндсэн дээрээс та өөрт байгаа мэйл хаягийг сегментчилж ангилбал таны бизнес цаашдаа урт хугацаанд оршин тогтнож үйлчлүүлгэчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэх болно. Эцэст нь хэлэхэд тоонд бус чанарт итгэж мэйл маркетинг хийх хэрэгтэй. Танд амжилт хүсье.

10 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Би Энхтөртэй санал нийлэхгүй байна. Бизнесийн ёс зүй гэж нэг юм байна ш дээ. Миний хувьд и-мэйл маркетинг хийх гээд л хүмүүсээс мөнгө аваад илгээгээд байдаггүй. Надад бол маш олон и-мэйл хаяг байгаа хирнээ л хийдэггүй. Энэ маань бидний хувьд өөрсдийгөө доош хийсэн алхам болно гэж боддог.

    ReplyDelete
  3. Манайд мэйл маркетинг хөгжих болоохгүй ш дээ. Энийг хөгжүүлэхэд хууль эрх зүйн орчин байхгүй ш дээ. Одоо энэ үйлчилгээг явуулж буй байгууллага нь хуулийн ямар ч заалт байхгүй болохоор л явуулж байгаа. Энэ үйлчилгээ өнлөр хөгжсөн орнуудад боло хууль бус шүү дээ. Хууль эрх зүйн үндэстэй болж байж л бүрэн утгаараа хөгжинө дөө. Хуулийг нь хэн нэг нь санаачлаад баталчихдаггүй юм байхдаа. ИТ-ийхан энэ талаар хуулийн төсөл бичээд хэн нэгэн түшээд дуулгачихаасай билээ.

    ReplyDelete
  4. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  5. Санал хүсэлтээ хуваалцаж байгаад баярлалаа. Нэг нэг юмыг тодоруулж хэлэхэд бизнесмен хүн, сэтгүүл гаргадаг хүн, маркетер хүн хэн ч байлаа ч ямар нэгэн бүтээгдэхүүнд хэрэглэгч л байдаг. Өөрөөр хэлбэл хэнээс үл хамааран хэрэглэгчээ тэврэх ёстой гэсэн утга. Мэйл маркетинг ч ялгаагүй. Мэйл маркетинг хийж байгаа байгууллагаад хэрэглэгчдээ ангилахад хэцүү байна гэвэл харин ч инээдтэй зүйл болно. Мобикомын хувьд ч гэсэн. Мэйлээ сегментчлэх нь тэдний үүрэг байх ёстой. Өнөөдөр нэг сая хэрэглэгч байгаа юм чинь гээд хаа хамаагүй сурталчилгаа явуулаад бусад хэрэглэгчийг хайхрахгүй байж болохгүй. Эс тэвэл ирээдүйн хэрэглэгчдийг шууд үгүй хийх болно. Таамгаар явуулж байнаа гэдэг бол тэр маркетерийг шууд ямаршуухан мэдлэгтэй вэ гэдгийг харуулж байнаа л гэсэн үг. Эцэст нь хэлэхэд юм явдгаараа л явж байна гээд хараад суувал маркетингийн ухааныг 20 жил зар сурталчилгаа төдийхнөөр ойлгож байгаатай адил л байдалд хүрэх болно.

    ReplyDelete
  6. Амаржаргалд: Мэйл маркетингийн хувьд өөрөө үнэхээр энэ талаар тодорхой хэмжээнд мэддэг бол Хэрэглэгчдийг хэсэгчлэх боломж харьцангуй бага, ямар нэгэн байдлаар хэсэгиллээ гэхэд тэр нь үнэхээр бодитой гэдэгт итгэхэд хэцүү байдаг гэдгийг бага ч болов гадарлах байх. Энэ нөхцөлд мэйл маркетингийн үйлчилгээ үзүүлэгч компани болон захиалагч компанийн аль аль нь ч тухайн зорилтот хэрэглэгчдэд мэдээлэл өгөхийг хичнээс хүслээ ч одоогийн нөхцөлд энэ нь боломжбагатай.Энэ бол маркетерийн мэдлэг чадвартай ямар ч хамаагүй асуудал. Энэ тохиолдолд хичнээн олон интернэт хэрэглэгчдэд мэдээлэл өгч чадна төдийчинээ захиалагчийн мэдээлэл зорилтот хэрэглэгчиддээ ямар нэгэн байдлаар хүрэх магадлал нэмэгдэнэ. Одоогийн нөхцөлд энэ үнэн. Масс мэйл хүлээж авах нь хэрэглэгчдэд хэрвээ түвэгтэй байдаг бол Энхтөрийн хэлсэнчлэн хэрэглэгч та энэ захидлуудыг хүлээж авахгүй сонголтыг хийх боломж бүрэн бий.

    ReplyDelete
  7. Гадны сайтууд бол манай мэдээллийг авахыг хүсвэл өөрийн мэйл ID аа энд үлдээнүү гэсэн цэс байдаг. Түүнийх нь дагуу мэйл явуулдаг. Манайд бол эсэргээрээ танидаг мэддэг хүмүүс, байгууллагуудын мэйл хаягуудыг бүртгүүлсэн газраас нь цуглуулан түүнрүүгээ зөвшөөрөлгүйгээр явуулдаг. Үүний нөлөөгөөр хэрэглэгчиддээ бухимдал төрүүлдэг. Жишээ авсан Мобикомын хувьд магад масс мэйлийг шинээр хэрэглэгч татхын тулд явуулсан байх /Би масс мэйлийг хардаггүй/. Өөрийн хэрэглэгчидэд мэдээлэл түгээх гэсэн бол магад масс мессеж түгээж болдог байх. Тиймээс Моби-ийн хийсэн масс мэйл бол үргүй зардал гэж хэлж болно. Яагаад гэвэл шинээр хэрэглэгч татахын хажуугаар магадгүй түүнээс илүүгээр өөрсдийн хуучин хэрэглэгчдийн бухимдалыг төрүүлж болох хэрэг.

    Масс мэйл авахыг хүсэхгүй байгаа хэрэглэгчид өөрсдийн мэйлийг устгуулж болдог тохиргоо байгаа. Үүнийг хүн болгон хийгээд байдаггүй магадгүй өөрт хэрэгтэй зүйл ирнэ гэж найддаг байх. Тэр тохиргоог тухайн үйлчилгээ үзүүлдэг хүмүүс ч өөрсдөө сурталчилдаг, мэйл болгондоо явуулдаг, тэгэхгүй бол эргээд маш их хэмжээний гомдол санал ирдэг.

    Интернэт маркетингийн хөгжлийн хувьд Монгол улсад 150К орчим компьютер, 50К орчим интернэт хэрэглэгчид, түүнээс 30К орчим нь идэвхтэй хэрэглэгч байдаг. Энэ нь 1,1% болж байна. За одоо мэйл маркетингийн үр дүн бас уг үйлчилгээг авч буй маркетерүүдийн чадварын талаар ярилцсан нь дээр байх.

    ReplyDelete
  8. Манай нөхцөлд энэ үйлчилгээг авч байгаа болон энэ үйлчилгээг үзүүлж байгаа маркетерүүдийн аль нь сайн маркетер вэ?

    ReplyDelete
  9. Ta buxnii xelj yarij bgaa bugd l ortoi zuiluud gexdee zarim ni yag yamar berxeesh asuudaluud baigaa ene salbariig xugjuulexeer ajillaj bgaa xumuusiig, terniig songoj baigaa uilchluulegch nariig ogt oilgoxgui buur doosh ni xiix xandlagatai zuil bichsen bx yum, yag dotor ni orood butsalval arai uur yum xelex bsan bxoo, Amarjargal chi bol tsever neg taliig barisan onol bichsen bnshuu, onol practice 2 bugd yag tag taardgui yum

    ReplyDelete
  10. Бидэнд тулгараад байгаа ганц асуудал бол сегментчлэл.
    Моби гэх мэт өөрсдийн брэнд бүтээгдэхүүн үйлчилгээтэй газруудад хэрэглэгчдийг сегментчилэх боломж хангалттай байгаа гэж бодож байна. Олон жилийн өмнө анх эхлэхдээ л тэд хэрэглэгчдийнхээ мэдээллийг цуглуулж эхэлсэн, манай улсын хүн амын 1/3 –ийн мэдээллийг тэд цуглуулж чадсан байх, эндээс дор хаяж 40% нь и-мэйл хэрэглэдэг гэж таамаглая, гэвч тэд яагаад өөрийхөө мэдээллийн сангаас листээ үүсгэж чадахгүй байгаан бол оо?? Миний бодлоор тэд и-мэйл хаяг хэрэг болох юм гэж төсөөлж байгаагүй байж болох юм. Үүнтэй холбоотой тэдний хэрэглэгчийн мэдээлэл бүрдүүлэх, шүүх системд нь и-мэйл хаяг тусгагдаагүй байх. Одоо бол хэрэгтэй юм байна гэж бүгд мэдэж эхэлсэн тул үүнээс хойш листээ бүрдүүлэх түүнийгээ сегментчилэх талаар төлөвлөж ажиллаж эхлэж байгаа байхаа.
    Харин Мэйл маркетингийн үйлчилгээ үзүүлэгч буюу өөрсдийн цуглуулсан и-мэйл лист, түүний сегментүүдэд захиалагчийн сонголтоор төлбөртэй үйлчилж байгаа манайх гэх мэт газаруудад энэ бол асуудал. Манай улсад мэйл маркетинг хөгжиж эхлээд ганц жил болж байна гэхэд үгүйсгэхгүй байх.. Энэ хугацаанд нийт интернет хэрэглэгчдийн и-мэйл хаягийн листийг өөрсдийнх нь зөвшөөрлийн үндсэн дээр бусад хэрэгцээт мэдээллийн хамт цуглуулна гэдэг бол боломжгүй зүйл.. Харин цулуулсан байгаа, цаашид шинээр бүрдүүлэх сангаа хэрхэн яаж сегментчилэл хийж тэр ухаантай маркетерүүдэд зориулсан эмх цэгцтэй листийг бүрдүүлэх талаар ажиллахгүй байнаа гэвэл худлаа шүү.
    Энд байгаа хүмүүсээс үүнийг оролдож байгаа нь Ноён бид хоёр юм шиг байна, бусад сэтгэгдэл бичигсэд бол хөндлөнгийн ажиглагчид бололтой. Хийдэг ганц, хэлдэг хэд гэдэг билээ дээ.. Тэр үг шиг хэлэх амархөөн харин бидний эрэл хайгуул хийж байж ийм богино хугацаанд бүрдүүлсэн листээ цэгцлэх гэсэн оролдлогуудыг үгүйсгэж болохгүй.
    Одоо биднээр үйлчлүүлээд байгаа тэнэг маркетерүүд муудаа ийм нэр авсан юм биш шүү Амаржаргал аа.. Ухаантай байх боломж байхгүй байгаа юм. Цаашид энэ салбар хөгжиж тийм боломжийг нээж өгнө гэдэгтээ итгэлтэй байгаа шүү. Хууль эрх зүйн хувьд манай улсад энэ талын зохицуулалт байхгүй ч гэсэн, бидний ашиглаж байгаа сервэр маань үүнийг хангалттай хангаж өгдөг юм.
    Жишээ нь манайхаар и-мэйл аваад залхаад дургүй нь хүрээд байгаа хүнд бид төрлөх хэл дээрээ “Та хүсэхгүй байгаа бол энд нэг удаа л дараад манайхаас дахин и-мэйл авахгүй байх болно” гэж товчлуур бүх захидалд байдаг, илгээгдэж байгаа захидлуудын агуулга, контентууд, холбоосуудыг давхар хянаж байдаг, хэрэв ямар нэг дүрмийн бус контент, холбоос (Жишээ нь: садар самуун, манууруулах бодис гэх мэт) агуулагдсан бол шууд хориглох гэх мэт олон зохицуулалтууд байдаг юм шүү.
    Энэ дунд зарим нэг газрууд наад захын зохицуулалт байхгүй хэрэглэгчдийг гарцаагүй байдалд оруулсан буюу захидлыг нь авахаас өөр аргагүй байдалд хийж хүссэн агуулгатай захидлыг дуртай үедээ илгээж бухимдал дургүйцлийг төрүүлж, илгээж байгаа нөхдүүд, албан байгууллагууд байгаа, үүнээс болж энэ салбарыг буруугаар ойгох нь хүмүүсийн тоо ихсээд байх шиг..

    ReplyDelete