December 21, 2009

PEST анализ

Энэ дүн шинжилгээний арга нь байгууллагын маркетингийн орчинг тооцоход маш чухал ач холбогдолтой юм.  Орчинд дүн шинжилгээ хийх нь тухайн маркетингийн бодлого, төлөвлөгөө хэрэгжих боломжийг харуулж өгөх учраас чухал хэсэг байдаг. Байгууллагын маркетингийн орчин нь дараах зүйлээс бүрддэг. Үүнд:
  1. Дотоод орчин: Ажилчин албан хаагчид, технологи, цалин, санхүү гэх мэт 
  2. Микро-орчин: Үйлчлүүлэгчид ба худалдан авагчид, дистрибьютер, бэлтгэн нийлүүлэгчид, өрсөлдөгчид гэх мэт. 
  3. Макро-орчин: Улс төр, хууль эрх зүйн байдал, эдийн засгийн байдал, Нийгэм соёлын байдал, техник технологийн байдал.  PEST анализ нь байгууллагын маркетингийн орчны Макро-орчинд дүн шинжилгээ хийдэг.
Улс төрийн хүчин зүйлсийн нөлөөлөл. Тухайн байгууллагын бизнесийн үйл ажиллагааны чиглэлээр улс төрд хэрхэн ямар зохицуулалт байдаг гэх мэт зүйлс нь улс төрийн хүчин зүйлд хамаарагддаг. Та энэхүү хүчин зүйл дээр дараах зүйлсийг тооцох шаардлагатай: 
  1. Улс төрийн орчин хэр тогтвортой байдаг? 
  2. Таны бизнесийн үйл ажиллагаанд ямар хууль хэрэгжиж байдаг, татварын хэм хэмжээ хэр байдаг? 
  3. Засгийн газрын эдийн засгийн гадаад, дотоод бодлого ямар байдаг? 
  4. Засгийн газар худалдааны ямар төрлийн гэрээнд нэгдсэн эсэх? \EU, NAFTA, ASEAN гэх мэт\ 
Эдийн засгийн хүчин зүйлс. Маркетингийн мэргэжилтнүүд улс орны эдийн засгийн богино ба урт хугацааны нөхцөл байдлыг тооцон үзсэн байх шаардлагатай. Энэ нь олон улсын маркетингийн үйл ажиллагаанд бүр ч онцгой хамаардаг. Эдийн засгийн хүчин зүйл дээр дараах зүйлсийг тооцох хэрэгтэй.
  1. Мөнгөний хүүгийн түвшин 
  2. Эдийн засгийн инфляцийн түвшин болон ажил эрхлэлтийн түвшин
  3. Эдийн засгийн хэтийн бодлого, дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд ноогдох хэмжээ 
Нийгмийн хүчин зүйлс. Бизнес бүрт тухайн улс орны нийгэм, соёлын хүчин зүйлс хүчтэй нөлөө үзүүлж байдаг. Энэ нь маш чухал зүйл бөгөөд маш сайн тооцох шаардлагатай хэсэг юм.
Нийгмийн хүчин зүйлст: 
  1. Ямар шашин илүү давамгайлж байдаг эсэх? 
  2. Хэрэглэгчид гадаадын бүтээгдэхүүн үйлчилгээнд хэрхэн ханддаг? 
  3. Ямар орны хэл бараа бүтээгдэхүүний зах зээл хүчтэй нөлөөлж байдаг? 
  4. Хэрэглэгч үйлчлүүлэгчдийн чөлөөт цаг хэр их байдаг?
  5. Нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гүйцэтгэдэг үүрэг?
  6. Хүн амын нягтшил, тэдгээрийн хэдэн хувь нь ямар насны хүмүүс байдаг гэх мэт? 
Технологийн хүчин зүйлс.  Технологи нь өрсөлдөөний давуу болон сул талыг гаргаж ирдгээрээ чухал үр нөлөөтэй. Технологийн хүчин зүйлс дараах зүйлсийг тооцох хэрэгтэй.
  1. Өндөр технологи ашиглаж хямд үнээр чанартай сайн бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж чаддаг эсэх? 
  2. Хэрэглэгч болон бизнесийн байгууллагуудад орчин үеийн дэвшилтэт технологийг санал болгодог эсэх? 
  3. Технологийн өөрчлөлт шинэчлэлт хэрхэн хийгддэг эсэх?

No comments:

Post a Comment