June 13, 2013

Маркетинг бө Өнөөдөр сэтгүүлд бичсэн зурвас

Маркетинг бө Өнөөдөр сэтгүүлийн нийт уншигч, захиалагчдад сэтгүүлийн 20 дахь дугаараар уламжлан дараах зурвасыг дамжуулсан юм.

20 ДАХЬ УДАА. ХАМГИЙН ТҮРҮҮНД БАЯРЛАЛАА 
Уншигч таны гарт сэтгүүлийн шинэ дугаар очих тэр өдрийн мэндийг хүргэж, ажилд тань, амьдралд тань хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Уншигч та магадгүй бусад сэтгүүл дээр тогтмол байдаг эрхлэгчийн зурвас хэмээх зүйлийг энэ сэтгүүл дээр яагаад гардаггүй юм бол хэмээн гайхдаг байх. Надад ч олон удаа уншигч захиалагч, сэтгүүлийн хүндэт зөвлөгчид, редакцийн зөвлөлийн гишүүд, хамтран ажилладаг байгууллагын хүмүүс маань хэлдэг байлаа. Миний хувьд ч олон удаа сэтгэгдэлээ та бүхэнд хүргэхийг хүсдэг байсан боловч гаргалгүйгээр өнөөг хүрчээ. Гэвч энэ учиртай. Учир нь одоог хүртэл эрхлэгчийн зурвас гэдэг зүйлийг бичиж амжихгүй сэтгүүлийн хөгжүүлэлт, сайжруулалт гэсэн асуудлуудад анхаарлаа хандуулсаар явлаа. 
Анх 2008 онд маркетингийн салбарт эх хэл дээрээ уншиж болох, мэргэжлийн сэтгүүлийн орон зай үгүйлэгдэж байгааг анзаарч, Монголын маркетингийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулах зорилгоор хэсэг нөхдийн хамт энэхүү сэтгүүлийг санаачлан гаргаж байсан нь саяхан. Харин одоо сэтгүүл маань 2 хүндэт зөвлөх, редакцийн зөвлөлийн 5 гишүүн, 10 хүний баг бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж 20 дахь дугаараа уншигч таны гарт өргөн барьж байна. Энэ бол том амжилт. Гэхдээ энэхүү амжилтын том орон зай нь өнөөдрийг хүртэл сэтгүүлийг үнэнчээр захиалан уншиж байгаа уншигч та юм. 

Энэ 20 дугаарыг гаргах хугацаанд сэтгүүлд маань алдаа оноо, ололт амжилт зөндөө байлаа. Алдаан дээрээ бид суралцаж, оноо бүхнийг уншигч танд өгөхийн төлөө бид хичээн ажилласан, одоо ч гэсэн ажилласаар байна. Маркетинг ба Өнөөдөр сэтгүүлийн эрхэм зорилго нь Монголын маркетингийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах байдаг. Энэ зорилго хэдий том ч, бидний санасан бодсон зүйл маань уншигч таниар дамжин том зорилгыг амжилттай бүтээх боломжийг бүрдүүлнэ, гүйцэлдүүлнэ. Маркетерууд бид маркетингийг мэргэжлийн түвшинд хийж, түүнийг хэрэглэгчид маань төвөггүй ойлгодог болсон тэр цагт энэ сэтгүүлийн эрхэм зорилгын нэг бүхэл хэсэг бүрэлдэх юм. 

Ингээд уншигч та Монголын маркетингийн мэргэжлийн цорын ганц сэтгүүлийнхээ 20 дахь дугаар болох хэрэглэгчтэй харилцах менежментийг онцлож байгаа нэгэн шинэ дугаарыг хүлээн авна уу.

Монгол брэнд дэлхийд ноёрхож, Монгол маркетер Apple, Coca-Cola-д зөвлөгөө өгдөг айсуй цагийг төлөө хамтдаа зүтгэе. Хамгийн түрүүнд уншигч танд баярлалаа...

No comments:

Post a Comment