May 12, 2013

Өнгөөр маркетинг хийх нь


Та сурталчилгааны тараах материал, компанийхаа лого, салбаруудынхаа дотоод орчинд ямар өнгийг ихэвчлэн ашигладаг вэ? Та тухайн сонгосон өнгөө ямар учир шалтгаанаар, ямар мессежийг хэрхэн илэрхийлэх гэж байгаагаа судлан үзэж байсан уу? Миний мэдэх маш олон маркетерууд өнгө сонголтон дээр зүгээр л өөртөө таалагдсан өнгийг сонгож орхидог. Энэ нь заримдаа онох нь ч бий гэхдээ ихэнхидээ зөвхөн өөртөө таалагдаад л үлддэг. Тиймээс өнгө сонголт гэдэг бол орчин үед сэтгэл судлал болсон гэдгийг ойлгох цаг нь болжээ. Өнгөөр бизнес хийж, өнгөөр маркетинг хийн хэрэглэгчдийг татдаг цаг аль хэдийн үүсэн бий болсон. Магадгүй уншигч та үүнийг мэддэг байж болох. Гэвч энэ тал дээр олон буруу сонголтууд гарсаар байгаа учир энэхүү нийтлэл хуучин биш зарим уншигчдад мэдээлэл сэргээх, зарим уншигчдад мэдлэг болох нь гарцаагүй юм.

Нэрийн хуудас, тараах материал, цахим хуудас, постер сурталчилгаа гэх мэт бүгд өнгө сонгох хэрэг гардаг. Тиймээс та эдгээр зүйлст өнгийг сонгохдоо шинжлэх ухааны үндэстэй хийж байх хэрэгтэй.

Өнгө нь зөвхөн гадаад харагдах байдлыг тодорхойлохоос гадна хүний зан төлөвт маш ихээр нөлөөлж байдаг байна. Энэ талаар маш олон төрлийн судалгааны ажлууд дэлхийн өнцөг булан бүрт хийгдэж байдаг бөгөөд саяхан Forrest судалгааны байгууллагаас өнгөний талаар судалгаа явуулж судалгаанд оролцогчдын 97 хувь нь улаан өнгийг хараад хамгийн түрүүнд санаанд нь орж ирж байгаа бүтээгдэхүүнээ Кока-Кола хэмээн нэрлэсэн байна. Энэ бол өнгө нь хүний зан төлөв, шийдвэр гаргалтанд шууд нөлөө үзүүлдэгийн том баталгаа болсон юм.  Энэ ч утгаараа дэлхийд алдартай олон брэндүүд өнгийг чухалчлан үзэж хэрэглэгчдийгээ татах өнгийг өөрсдийн бүтээгдэхүүний онцлогт тохируулан сонгон авч тэдний сэтгэл зүйд өнгөөр хоногших үйл ажиллагаа, кампанит ажлыг зохион байгуулсаар байна. Жишээ нь, ихэнхи томоохон ресторанууд, түргэн хоолны газрууд улаан болон шар өнгөөр өөрсдийгөө илэрхийлсэн байдаг. Улаан болон шар өнгийг хослуулан хэрэглэх нь хүний зан төлөвт “хурдан” гэсэн ойлголтыг түрүүлдэг байна. Өөрөөр хэлбэл ресторан болон түргэн хоолны газрууд энэ өнгийг ашиглан үйлчилүүлэгчдийн үйлчилүүлэх хурдыг сайжруулж аль болох их үйлчилүүлэгч авах боломжийг хангадаг байна. Дахин нэг жишээ авъя. Та ихэнхи насанд хүрэгчдэд зориулсан цахим хуудас улаан болон хар өнгөөс бүрдсэн байдгийг анзаардаг уу? Тэгвэл энэ нь дур хүсэл төрүүлэх болон мэдрэмжийг төрүүлдэг байна. Харин хүүхдийн тоглоом болон номын худалдааны цахим хуудсууд ихэвчлэн гэгээлэг, ямар нэгэн өнгө холиогүй анхны өнгийг сонгосон байдаг нь дулаахан уур амьсгалыг төрүүлж тайван орчныг бий болгох зорилготой байдаг байна.

Маркетингийн мэргэжлийн судлаачидын олж тогтоосоноор өнгийг үзэх үзэл баримтлал улс орон бүрт харилцан адилгүй байдгийг олж харсан байна. Зарим тохиолдлоор томоохон брэндүүд өөр улсад салбараа нээхдээ өнгөний тал дээр буруу бодлого баримтлан зах зээлд унах хүртэл аюулд орж байсан байна. Учир нь улс орон бүрийн хэрэглэгчид өөр өөрийн гэсэн соёл уламжлал, нийтлэг заншилтай байдаг нь өнгийг өөр өөр өнцөгөөс харахад хүргэдэг байна. Жишээ нь Хятад улс өөрийн ёс заншил, түүхээрээ дэлхийд баялаг орон билээ. Хятадууд нь эрт дээр үеэс цагаан өнгийг үхлийн өнгө хэмээн нэрийддэг бол, Латин Америкийн улсууд тэр дундаа Барзилчууд  бэхэн яагаан өнгийг үхлийн хэмээн нэрлэдэг байна. Мөн Хятадууд нь шар өнгийг муу, муухай зүйлсийг бэлэгддэг гэдэг бол Грекчүүд болон Францчууд шар өнгийг уйтгарын өнгө хэмээдэг байна. Хойд Америкчууд ногоон өнгийг ат, жөтөө, хорослыг илэрхийлдэг хэмээн үздэг байна. Энэ бүгдээс үзэхэд таны брэнд дүр төрх хэдий нэг хэв загвартай байх ёстой боловч тухайн улсын соёл заншилд заавал нийцсэн байх ёстой нь харагдаж байна.

Олон зуун жилийн турш эрдэмтэн мэргэд өнгийг хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөж байгааг судалсан байдаг бол сүүлийн жилүүдэд энэ нь маркетеруудын ажил болсон гэхэд хэлсдэхгүй ээ. Энэ ч утгаараа зарим тохиолдолд маркетеруудыг сэтгэл судлаачид, гүн ухаанчид хэмээн нэрлэсэн байдаг. Тэгвэл нийтлэлийн маань гол зорилго болох өнгийг хэрхэн маркетингийн арга хэрэгсэл болгон ашиглах ёстой талаар нийтлэлээ үргэлжүүлье. Үүний тулд мэдээж өнгө нь хэрэглэгчийн толгойд ихэнхи тохиолдолд (судалгаагаар батлагдсан) ямар мэдрэмжээр буудгийг авч үзье.

Улаан: Сэтгэл хөдлөгсөн, эрч хүч, таашаал, хайр дурлал, хурд, аюул
Цэнхэр: Итгэл, найдартай ажиллагаа, хэлхээ холбоо, цэвэрхэн, тайван
Шар: Аз жаргал, дулаан уур амьсгал, хөгжилтэй
Улбар шар: Алиа, хөгжилтэй, дулаан, хүчтэй, дуулиантай
Бэхэн яагаан: Сүр хүчтэй, оюун ухаан, нэр хүнд
Ногоон: Байлагийн, цэвэрхэн, сэтгэл сэргэм, өсөн дэвжих, элбэг дэлбэг
Ягаан: Зөөлөн, дур булаам, ёс суртахуун, аюулгүй байдал
Цагаан: Цэвэрхэн, жинхэнэ, ариун байдал, залуухан, зөөлөн
Хар: Тансаг, чамин, нууцлаг, соёлтой, хорхой хөдлөгсөн
Алтан шар: Нэр хүнд, үнэ цэнэ
Саарал: Нэр хүнд, хүйтэн, шинжлэх ухаан

гэх зэргээр өнгө нь өөр өөрийн гэсэн тодорхойлттой байдаг байна. Дээрх өнгийн илэрхийллээс үзэхэд нэг өнгө нь бусад өнгөтэй давхардахгүй зүйлийг илэрхийлж байхад зарим тохиолдолд давхардалд үүссэн байдаг байна. Тиймээс аль болох өнгийг сонгохдоо өнгийн илэрхийлэмжийн давхардалтыг бий болгохгүй байхыг зорих хэрэгтэй байна. Одоо харин маркетерууд өнгийг өөрийн маркетингийн арга хэрэгсэл хэрхэн болгох талаар нийтлэлээ үргэлжүүлье.

Маркетерууд өнгийг хэрэглэгчийн зөн төлөвийг удирдахын тулд сонгон авдаг. Жишээ нь дэлгүүрээ үйлчилүүлэгчдийн худалдан авах дур хүсэл болон шийдвэр гаргалтанд зөвхөн тухайн бараа бүтээгдэхүүн нөлөөлдөггүй болохыг судлаачид тогтоосон байдаг. Үүний тул та дэлгүүрийн дотоод тохижилтонд илүү анхаарах хэрэгтэй болно. Улаан болон шар эсвэл хар болон гүн хөх өнгийг хослуулан ашиглах нь дэлгүүрээр үйлчилүүлэгчдийн сэтгэл зүйд илүүтэйгээр нөлөөлдөг байна. Үүнээс үзэхэд маркетер та зөвхөн хэрэглэгчийн бодол санаанд захирагдах бус тэдний оюун бодол, шийдвэр гаргалтыг маш сайн эзэмдэх, удирдах ёстой байна.

Дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн маркетингийн баг үргэлж өнгөөр хэрэглэгчдийн удирдаж байдаг. Тэд өөрсдийн цахим хуудас, танилцуулах материалуудыг хэрэглэгчийн зан төлөвт тохируулан сонгож борлуулалтаа нэмэгдүүлсээр байна. Жишээ нь Jaguar бол үнэтэй, тансаг зэрэглэлийн брэнд билээ. Тэд үргэлж хар болон саарал өнгийг сонгож байдаг. Үүгээрээ тэд хар өнгийг чамин тансаг болгон төлөөлүүлдэг бол саарал өнгийг нэр хүндийн хэлбэрээр ашигладаг байна.

Төгсгөлд нь сийрүүлэхэд маркетер та магадгүй өнгийг хэрхэн ашиглах ухааныг олоогүй байж болох юм. Тэгвэл та энэ бүгдийн хариултыг олохын тулд эхлээд зах зээлээ дараа нь хэрэглэгчээ сайтар таних ёстой юм. Үүний тулд танд мэдээж төлөвлөгөөтэй, шат дараалсан судалгаа хэрэг болно. Энэ бүгдээс шантрах хэрэггүй сайн судалгаа, сайн төлөвлөт үргэлж амжилт руу таныг хөтлөн авч явах болно.

No comments:

Post a Comment